top of page

Алсын Хараа

Гэгээмор Сэтгэлзүйн Төв нь сэтгэлзүйн анагаах ухаан, боловсролын шинжлэх ухаан хоёрыг хослуулан хувь хүнийг сэтгэлзүйгээ эдгээхэд нь, мөн сэтгэлзүйн соёлд суралцахад нь тусалж дэмжих чин зорилготой. 

Бидний үйл ажиллагаа нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн уулзалтууд хийх, сэтгэлзүйн мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх, сэтгэлзүйн контент бүтээх, сэтгэлзүйн сургалт эвент хийх зэрэг ордог. Бидний алсын хараа бол нүүдэлчин соёлд суурилсан сэтгэлзүйн үйлчилгээг зохион гаргаж олон улсад хэрэгжүүлэх, Монгол хөрсөн дээр бойжуулсан сэтгэлзүйн арга барилуудыг бэлтгэх юм. 

Бид дараах зарчмуудыг баримталж сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээнүүдээ бэлддэг. Дараах зарчмуудыг дагаж мөрдсөнөөр өндөр чанартай, цогц тэнцвэртэй, үйлчлүүлэгч-төвтэй сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх боломж бүрддэг юм.

1. Урьдчилан сэргийлэх нэгт. Сэтгэлзүйн эрүүл мэндээ дээшлүүлэхэд хамгийн чухал алхам бол урьдчилан сэргийлэх юм. Сэтгэлзүйн эмгэг нэгэнт үүссэн бол түүнийг эмчлэх, эдгээхэд маш хэцүү байх нь олонтаа. Зарим тохиолдолд эмчилгээнд үр дүн өгдөггүй сэтгэл гутралын төрлүүд ч үүсдэг. Тиймээс бид урдьчилан сэргийлэх арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлдэг бөгөөд тухайн үйлчлүүлэгчид аливаа эмгэг үүсэж даамжирахаас  хамгаалах зорилготой ажилладаг. 

2. Хамааралтай биш. Аливаа үйлчлүүлэгч өөрийн сэтгэлзүйн эмчилгээнээс хамааралтай болох магадлалтай байдаг. Энэ нь тухайн өвчтөн биеэ даах чадваргүй болсныг илтгэнэ. Бидний хувьд үйлчлүүлэгч бүртэй шаардлагатай гэж үзсэн хамгийн бага тооны уулзалтыг хийдэг. Мөн үйлчлүүлэгчийг өөрийн сэтгэлзүйгээ удирдах түвшинд очсон гэж үзвэл уулзалтаа зогсоохыг санал болгодог. Ингэснээр тухайн үйлчлүүлэгч өөрийн сэтгэлзүйгээ бие даан хамгаалах боломжтой болдог. 

3. Цогц арга барил. Сэтгэлзүй гэдэг нь бие махбод, сэтгэл оюун, эрчим энергийн түвшинд цогцоор явагддаг билээ. Тиймээс сэтгэлзүйн арга барил ч мөн адил олон түвшинийг хамарсан цогц байх нь зүйтэй. Иймээс бид сэтгэлзүйн зөвлөгөө өгөхдөө тухайн үйлчлүүлэгчийн бие махбод, бодол, эмоц, эрчимтэй тулж харьцдаг. Ингэснээр илүү урт хугацааны, илүү гүнзгий түвшний эерэг өөрчлөлт үүсдэг. 

4. Хүрээлэл, хамт олон. Хүн гэдэг хүрээлэн буй орчноосоо гүн хамааралтай байдаг. Аливаа үйлчлүүлэгчийн сэтгэлзүй тогтворжсон байлаа ч өмнөх хортой орчиндоо буцаж очвол эмчилгээний үр дүн буурч, өмнөх сэтгэлзүйн эмгэгүүд нь эргэн ирэх магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний хүрээлэл хамт олныг анхаарч ажиллах нь зүйтэй. Тиймээс бид үйлчлүүлэгчдийн гэр бүл, найз нөхөд, ажлын хүрээлэл хамт олныг чухалчлан үзэж, зөвлөгөөгөө өгдөг. 

5. Сэтгэлзүйн дараалал. Үйлчлүүлэгч бүрийн сэтгэлзүйн байдалд тохирсон зөвлөгөө өгөх нь чухал. Тогтворжуулах, чадваржуулах, эдгээх гэсэн дарааллаар сэтгэлзүйн байдлыг хэмждэг. Энэ 3 түвшнээс аль тохирохыг нь сонгох хэрэгтэй. Үйлчлүүлэгч сэтгэлзүйн гүн хямралд орсон бол зөвхөн тогтворжуулах дасгалуудыг хийлгэх буюу шууд эдгээх түвшний зөвлөгөө өгч болохгүй. Тиймээс бид үйлчлүүлэгч бүрийн сэтгэлзүйн байдалд тохирсон дасгалыг санал болгодог. 

bottom of page